dobu.mndobu

“Ebenezer” кино Box Office-ийг тэргүүллээ

“Ebenezer” кино Box Office-ийг тэргүүллээ

Холливудын жүжигчин Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Ebenezer” уран сайхны кино Хойд Америкийн кино театруудаар нээлтээ хийсэн эхний амралтын өдрөөрөө 19 сая ам.долларын орлого олж, Box Office-ийн жагсаалтыг тэргүүлжээ.

Paramount Pictures компанийн бүтээл болох тус киног найруулагч Ти Уэст найруулсан бөгөөд Чарльз Диккенсийн алдарт “A Christmas Carol” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Жонни Депп зохиолын гол дүр болох харамч, хатуу сэтгэлтэй Эбенезер Скружийн дүрийг бүтээжээ.

Тус кино Хойд Америкийн 3535 кино театрт нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдээс CinemaScore үнэлгээгээр A- үнэлгээ авсан байна. Мөн олон улсын зах зээлээс 23 сая ам.долларын орлого олсноор дэлхий даяарх эхний амралтын өдрийн нийт орлого нь 42 сая ам.долларт хүрчээ.

“Ebenezer” киноны төсөв 38 сая ам.доллар бөгөөд Жонни Деппээс гадна Руперт Гринт, Андреа Райзборо, Сэм Клафлин, Дэйзи Ридли, Иэн Маккеллен нар тоглосон байна.

Энэхүү бүтээл нь Жонни Деппийн 2018 онд нээлтээ хийсэн “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноноос хойших томоохон студийн анхны төсөл гэдгээрээ онцлог юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд хувийн амьдралтай холбоотой шүүхийн маргаан, дуулианы дараа Холливудын томоохон төслүүдээс хэсэг хугацаанд хөндийрөөд байсан билээ.

Харин энэ удаагийн киноны нээлт түүний уран бүтээлийн замналд чухал эргэн ирэлт болж байна.

Энэ амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн бусад киноны хувьд “Ghost Soldier” 5.2 сая ам.долларын, “How to Rob a Bank” 5.1 сая ам.долларын орлого олжээ. Харин “The Cat in the Hat” хүүхэлдэйн кино 11.4 сая ам.долларын орлогоор хоёрдугаарт бичигдсэн байна.

Ийнхүү Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Ebenezer” кино нээлтийн амралтын өдрөөрөө үзэгчдийн анхаарлыг татаж, Хойд Америкийн Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.